Үзэсгэлэн худалдаагаар 220 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ФОТО МЭДЭЭУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Улаангом сумын ЗДТГ болон холбогдох байгууллагуудтай хамтран “Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдааг энэ амралтын өдрүүдээр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 16 сумын 186 иргэн, 37 аж ахуйн нэгж байгууллага 360 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 220 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэнгийн “Шилдэг оролцоотой сум”-аар Тэс, Тариалан, Наранбулаг сум шалгарсан байна. Харин “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр эсгий эдлэлийн төрөлд Улаангом сумын иргэн Б.Эрдэнэсүрэнгийн ширмэл ширдэг, арьс, ширэн бүтээгдэхүүний төрөлд Баруунтуруун сумын “Сод туруун” компанийн бүтээгдэхүүн, модон эдлэлийн төрөлд Улаангом сумын иргэн А.Байгалийн цайны домбо, хусан эдлэлийн төрөлд Тэс сумын “Цалгиа” нөхөрлөлийн бүтээгдэхүүн тус тус эхний байруудыг эзэлжээ. Тэрчлэн төмс, хүнсний ногооны төрөлд Улаангом сумын иргэн Д.Отгонбаярын тарьсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний төрөлд Улаангом сумын “Хэт цах” хоршооны чацарганы тос, сүүн бүтээгдэхүүний төрөлд Зүүнговь сумын “Ган зэл” хоршооны хэвийн ааруул, гурилан бүтээгдэхүүний төрөлд “Мөнхийн чанар” ХХК-ийн үйлдвэрлэсэн саран еэвэн шилдгээр шалгарчээ. Үзэсгэлэнгийн гранпри шагналыг Өмнөговь суманд талх, нарийн боорцогны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дулаахан Намир” хоршоо хүртсэн байна. Шилдгүүдийн шагналыг аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал болон зохион байгуулагчид гардуулан өгч баяр хүргэлээ.