“Шөнийн дэлгүүр” ажиллуулах санал гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-29 12:27:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөний үеэр Цагдаагийн газраас архи дамлан зарж буй иргэд олширсон тухай мэдээллээ. Энэ нь “Шөнийн дэлгүүр”-ийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой хэмээн тайлбарлаж орон нутгийн удирдлагуудаас арга хэмжээ авахыг хүссэн юм.

"Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын захирамжаар зарим дэлгүүрийг 24 цаг, баар, цэнгээний газрыг 03 цаг хүртэл ажиллуулах болсноор шагчдыг багасгах, ахуйн хүрээний архидалтыг бууруулахыг зорьсон ч  зарим иргэн шөнийн 03 цаг хүртэл  ажиллаж буй баар, цэнгээний газар амгалан тайван байдлыг алдагдуулж байна хэмээн гомдол гаргасан. Шийдвэр хэрэгжих хугацаанд архи дамлан зардаг иргэд эрс багассан байна. Түүнчлэн 24 цагийн дэлгүүрээс зөвхөн архи худалдан авдаг биш.  Гэтэл өнөөдрийн байдлаар архи, тамхи дамлан зардаг иргэд 20-30-аараа нэмэгдсэн байна. Үүнийг “Сар шинэ нэгдсэн арга хэмжээ” хяналт шалгалтын үеэр илрүүлсэн. Шагчид архи, тамхиа орц, хонгилд нууж дэлгүүрийн үнээс хоёр дахин илүү үнээр зарж байна. Иймд орон нутгийн удирдлагууд шийдвэрээ эргэн харахыг хүсч байна" хэмээн Цагдаагийн газрын дэд дарга Г.Эрдэнэбат хэллээ.

Уг мэдээллийн дагуу аймгийн Засаг дарга Д.Батлут тус байгууллагыг хяналт шалгалтаа эрчимжүүлж холбогдох мэдээллийг нэгтгэн эргэж мэдээлэх үүрэг өглөө.  

Өнөөдрийн байдлаар иргэдийн гомдлын дагуу дэлгүүр, баар цэнгээний газрыг 22-24 цаг хүртэл ажиллуулж байгаа ажээ.

Связанные новости