ОРХОН: Хүний папилома вирусын халдварын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 13/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му тэргүүтэй албаны хүмүүс Орхон аймагт ажиллалаа. Аймгийн Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан уулзалтын үеэр хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын явц, хамрагдалтыг нэмэгдүүлэх арга замын талаар санал солилцов.
Монгол Улсад ХПВ-ийн эсрэг вакциныг 2020 оноос сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бол уржнан жил Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх вакцин болгосон юм. Орхон аймагт энэ оны байдлаар 11 настай нийт 2341 хүүхэд байгаагаас 767 буюу 32.8 хувь нь вакцинд хамрагдаад байна.
Дэлхийн 147 оронд хэрэглэж буй уг вакцин нь умайн хүзүүний хорт хавдар болон 6 төрлийн хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой. Мэргэжлийн байгууллагууд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, оролцоо чухлыг онцолж байна.