ОРХОН: БНСУ-ын Сүнчон Их сургуульд 30 оюутан тэтгэлгээр суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 13/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын урилгаар БНСУ-ын Сүнчон хотын хурлын дарга Кан Хён Гү тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Орхон аймагт зочилж байна.
Орхон аймаг, БНСУ-ын Сүнчон Их сургуультай ноднин жилээс хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд орон нутагт дутагдалтай мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх тал дээр түлхүү ажиллаж байна. Тухайлбал, энэ онд 30 оюутныг тэтгэлэгтэйгээр суралцуулахаар шалгаруулалт хийснээс эхний ээлжинд 14 хүүхэд ирэх сард БНСУ-ыг зорих гэж байна. Тэдний төлөөлөл өнөөдрийн албан ёсны уулзалтад оролцов.
БНСУ-ын Сүнчон хотын төлөөлөгчид Орхон аймагт хоёр өдрийн турш ажиллах бөгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана.
Ташрамд сонирхуулахад, Орхон аймгийн нийт хүн амын 61 хувийг 0-35 насны хүүхэд залуус эзэлдэг учраас залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэхийг зорьж байна гэж аймгийн удирдлага уулзалтын үеэр онцоллоо.