О.Цэрэнтогтох: Манай малчид төв суурингийн хүмүүсээс хоцрогдоод байхааргүй болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-30 12:20:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Улаан-Ам баг /1 дүгээр баг/-ийн малчин О.Цэрэнтогтох “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа. Тэрээр 22 жил мал маллахдаа эцэг эх, нутгийн малчдаас мал маллах арга ухааныг өвлөж, отор нүүдлийг оновчтой хийн бэлчээрийн даацыг хуваарьтай ашиглах, хадлангийн талбайгаа хамгаалах, усан хангамжийг сайжруулах зэрэгт онцгой анхааран ажилласны үр дүнд энэхүү эрхэм хүндтэй шагналын эзэн болж байна.

О.Цэрэнтогтох сүүлийн 5 жилд төл малын хорогдол гаргалгүй,  төлөө 4 төрөл дээр 100 хувь бойжуулж, 2018 онд 1350 толгой мал тоолуулжээ. Баянхонгорын “Хөх бух”-аар үхэр сүргээ, “Бараг” үүлдрийн хуцаар хонио үүлдэр угсааг нь сайжруулсан байна.

2011, 2013 онд “Сумын сайн малчин” болж байсан түүнд аймгийн аваргын шагналыг нь  аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Нарангарав нар гардуулан өгсөн юм.

“Манай малчид төв суурингийн хүмүүсээс хоцрогдоод байх юмгүй болсон. Зурагт, хөргөгч, угаалгын машин бүгдийг нь хэрэглэх боломжтой, мал дагаж амьдрахад ер нь их сайхан болж байна даа” хэмээн аварга малчин маань онцолж байлаа.

 

Связанные новости