Зарим сумын малчдын 26-хан хувь нь малын эрүүл мэндийн дэвтэртэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн албаныхантай уулзаж, цаг үеийн мэдээллийг өглөө. Өнгөрч буй 1 сард Өвөрхангай аймагт салбар салбарын аваргуудаа тодруулан шагнах, 2018 оны зорилтот жилийн хаалт, 2019 оны зорилтот жилийн нээлтийг хийх, сум, агентлагийн дарга нартай гэрээ байгуулах гэхчлэн олон ажлыг амжилттай зохион байгуулав.
Он гарсаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан нэг удаа хуралдаж, 9 асуудлыг хэлэлцсэн бөгөөд үүний нэг болох “Аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн биелэлттэй холбоотой мэдээллийг ИТХ-ын дарга А.Ишдорж сэтгүүлчдэд онцлон хүргэлээ. Тухайлбал, малчин өрх бүрт малын эрүүл мэндийн дэвтэр байх ба малын эмч үзлэг, тарилгаа тухайн дэвтэрт бүртгэж, баталгаажуулж байх ёстой. Гэвч зарим суманд нийт малчдын 26-хан хувьд нь энэ дэвтэр байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг тэрээр хэлэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Мал эмнэлгийн албанд тодорхой үүрэг өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, энэ хүрээнд харъяа нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулахыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын зүгээс аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсний дагуу аймаг, орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад байгаа ба иргэнд чирэгдэл учруулсан асуудлыг шийдэхэд онцгой анхаарсан жил байх болно хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв.
Уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, 2019 онд Өвөрхангай аймагт хийгдэх бүтээн байгуулалтын талаар мэдээллийг өглөө.