Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-14 14:19:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон бусад байгууллагуудтай хамтран дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг иргэд, байгууллагуудад уриаллаа. Импортын бараанд урсгадаг мөнгийг дотоод руу чиглүүлэхэд иргэн таны оролцоо чухал гэдгийг хүн бүрт ойлгуулах хэрэгтэй гэж Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, Дарханд үйлдвэрлэв дэлгүүрийн захирал Г.Бүрэнбат  хэлж байна.

Тус дэлгүүр нь үндэсний өв соёлыг уламжилсан эсгий урлал, монгол гутал, монгол гэрийн эдлэл хэрэглэл, эмээл, хазаар, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг зүйл худалдаалдаг аж.

Дарханд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Дархан сумын ЗДТГ, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, МХГ, Стандартчилал, хэмжилзүйн  хэлтэс, Хүнс, хөдөө  аж ахуйн газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран дээрх уриалгыг гаргажээ.

Тус холбооны зүгээс иргэн таныг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өөрсдийн худалдан авалтаараа хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах чинээгээр дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар сайжрах, улмаар үнийн хувьд ч уян хатан болох нөхцөл нэмэгдэнэ гэдгийг онцолжээ.

Иргэдийн дунд хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл эрмэлзлэл байдаг ч бараа бүтээгдэхүүний нэр төрөл харьцангуй цөөн, чанаргүй бөгөөд үнэ өртөг өндөр байдаг гэсэн гомдол шүүмжлэл байдгийг тэд нуусангүй.

Импортын бараанд урсгадаг их мөнгөний урсгалыг дотооддоо чиглүүлж ялангуяа Дархан-Уул аймагт үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжихийг дуу хоолойгоо нэгтгэн ийнхүү уриалж байгаа ажээ.

Зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийн урлаж бүтээсэн тэр дундаа Дарханы өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг "Дарханд үйлдвэрлэв" дэлгүүр нь байгуулагдаад 3 жил болсон аж.

Энэ хугацаанд 500 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэгээс борлуулж төвлөрөлийг бий болгосон байна.

Өрхийн хэмжээндээ үйлдвэрлэл эрхэлдэг 150 гаруй иргэн бүтээгдэхүүнээ нийлүүлж, тэр чинээгээрээ олон айл өрхийн орлогыг бүрдүүлэхэд “Дарханд үйлдвэрлэв” дэлгүүрийн зорилго оршдог аж.

Связанные новости