“Гарааны бизнес”-ийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-28 21:40:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг “Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих” зорилтын хүрээнд 2019 онд шинээр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршооноос байнгын ажлын байр бий болгох зорилгоор гарааны бизнесийн шинэ санаа, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжиж хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ.

Зээлийн нөхцлийн тухайд иргэн 10.0 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20.0 сая төгрөг хүртэлх төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай авах боломжтой юм.

Энэхүү төслийн талаарх мэдээллийг иргэдэд энэ сарын 11-нд танилцуулсан. Ирэх сарын 11-ний өдөр хүртэл бүтэн сарын турш  ААНБ-аас төслийн материал авах бөгөөд өнөөдрийн байдлаар 154 иргэн, 46 ААНБ бүртгүүлсэн аж. Батлагдсан тэргүүлэх чиглэлийн дагуу дараах байдлаар иргэд бүртгүүлжээ.

Үүнд:

1. Шинэ техник, технологи нэвтрүүлэх-26 /16 иргэн 10 ААНБ/
2. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл -67 /53 иргэн, 14 ААНБ/
3. Барилгын материал үйлдвэрлэл -21 /17 иргэн, 4 ААНБ/
4. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл-25 /24 иргэн, 1 ААНБ/
5. Гэр хорооллын алслагдсан багуудад шинээр байгуулах үйлчилгээ-29 /21 иргэн, 8 ААНБ/
6. Бусад -32
иргэн, ААНБ батлагдсан дүрмийн дагуу материалаа ирүүлжээ.

Шинээр бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хоршоог түлхүү хамруулах бол төсөл хүлээн авах үндсэн чиглэл нь шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жимсний шүүс үйлдвэрлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эмчилгээний болон эрүүл зөв хоол үйлдвэрлэл/, барилгын материал үйлдвэрлэл /Гэр ахуйн болон барилгын материалын хэрэгсэл үйлдвэрлэл, төмөр эдлэл үйлдвэрлэл/, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сав баглаа боодол үйлдвэрлэл /Байгаль орчинд ээлтэй байх/, цаас үйлдвэрлэл, гоо сайхан, ахуйн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэл,  гэр хорооллын алслагдсан багуудын нутаг дэвсгэрт шинээр байгуулах үйлчилгээ /Эмийн сан байгуулах, Хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх, Халуун усны газар байгуулах, Үсчин, ахуйн үйлчилгээний газар байгуулах/, Бусад Авто машины 24 цагийн засвар үйлчилгээ, дугуй засвар, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үйлчилгээний газар байгуулах зэрэгт материалаа ирүүлэх боломжтой гэнэ.

Хуулийн этгээдийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан шаардлагатай аж.

Тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх, төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх, Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх, төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх, төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх, ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байхыг заажээ.

Дашрамд Дархан сумын хувьд өнгөрсөн онд нийт 95 иргэн, ААНБ-аас төслийн материал хүлээн авч, төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэрээр 20 иргэн, 13 ААНБ-д 430,7 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэн санхүүжилтийг 100 хувь олгожээ.

Связанные новости