GSP+ механизмын талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. "Европын холбооны зах зээлд гарах боломж" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Баянхонгор хотноо боллоо. Европын холбооны GSP+ буюу хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс 2005 оноос хамарч эхэлснээр 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд татваргүйгээр экспортлох боломжтой болжээ.
GSP+ механизмаар
дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь төсөл есөн улс оронд
хэрэгжиж байгаагийн нэг нь Монгол улс. Төсөлд орон нутгийн холбогдох
түвшнийхнийг оролцуулах, тэднийг чадавхжуулах зорилготой сургалт хэлэлцүүлгийг
“Глоб интернэшнл" төвөөс зохион байгуулсан юм. Сургалтыг Баянхонгор аймгийн
ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс хамтарч зохион байгуулсан бөгөөд аймгийн бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн
салбарынхан оролцсон байна.
Сургалтын эхэнд GSP+
төслийн талаар "Глоб интернэшнл" төвийн хөтөлбөрийн менежер оролцогсдод мэдээлэл
өгч, улмаар GSP+ механизмтай холбогдох орон нутгийн бизнесийн орчин сэдвээр
МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбар танхимын менежер П.Өлзий-Ундрах мэдээлэл
хийлээ. Үргэлжлүүлэн ХЭҮК-ийн референт З.Бадмаараг, аймаг дахь реферант Б.Содонцэцэг
нар хүний эрхийн конвенц, орон нутаг дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлын
талаар танилцуулсан бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх
чөлөөний өнөөгийн байдлын талаар сурвалжлагч С.Гантулга мэдээлэл хийв.
Үндсэн мэдээллүүдийн дараа сургалтад оролцогсдын дунд орон
нутгийн иргэд болон иргэний нийгмийнхэнд тулгарч буй үзэл бодлоо илэрхийлэх эрх
чөлөөний асуудал, олон нийт мэдээлэл олж авах нь, орон нутгийн хэвлэл
мэдээллийнхэнд тулгарч буй сорилтууд сэдвээр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн
байна.
Democracy Reporting
International олон улсын байгууллага "Глоб Интернэшнл" төвтэй хамтран “GSP+
механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийг
өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төсөл НҮБ-ын үндсэн конвенциудийг үр
өгөөжтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө авсан амлалт, үүргээ биелүүлэхэд нь
иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдээллээр хангах, мэдлэг ойлголтыг нь
нэмэгдүүлж, чадавхжуулах зорилготой аж.