Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. "Хөрөнгийн зах зээлийн нээлттэй өдөрлөг" энэ сарын 5-нд Баянхонгор хотноо боллоо.
Өдөрлөгийн хүрээнд “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн мэдээллийн төвийн мэргэжилтнүүд иргэн бүрт олгосон 1072 хувьцааны талаарх сургалтыг хийлээ. Сургалтаар тус компанийн ашиг орлого, нөөц, цаашдын төлөв болон иргэн бүрт олгосон 1072 хувьцаагаа хэрхэн шалгах, хэрхэн данс нээлгэх, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох зэрэг мэдээллийг хүргэж, иргэдийн сонирхсон асуултад хариулав.
Баянхонгор аймгийн хэмжээнд Үнэт цаасны зах зээлд оролцоход нь зуучлах үүрэг бүхий нэг компани албан ёсоор ажиллаж буй. Тус "ГүүдСек" ХХК нь үнэт цаасны зах зээлд брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан, Монголын Хөрөнгийн биржийн гишүүн бөгөөд Улаанбаатар хот болон Баянхонгор зэрэг зургаан аймгийн харилцагчдад үйлчлэх эрх авсан аж.
Тус ХХК-д өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн нийт хүн амын тал хувь буюу 44 мянга орчим иргэн үнэт цаасны дансаа нээлгэжээ. Ийнхүү хувьцааны дансаа нээлгэсэн иргэд Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд брокерын компаниар зуучлуулан оролцох боломжтой болоод байгаа юм.
Сануулахад, УИХ, Засгийн газраас "Эрдэнэс - Тавантолгой" ХК-ийн хувьцааны 20 хувь, Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг 2010 онд гаргасан. Шийдвэрийн дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр хувьцаатай болсноос гадна "Эрдэнэс Монгол" компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг хэзээ төрснөөс үл хамааран үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон юм. Тухайн хувьцаагаар компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах болон хуулиар тогтоосон бусад эрхийг эдлэх боломжтой аж.