Нийгмийн ухааны олимпиадад аравдугаар ангийн 1300 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-13 17:28:21

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын аравдугаар ангийн сурагчдын дунд “Нийгмийн ухааны анги нийтийн олимпиад”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль хамтран ахлах ангийн нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын бүтээлч үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аравдугаар ангийн сурагчдын дунд “Нийгмийн ухааны анги нийтийн олимпиад”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус олимпиадад Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн 55 бүлгийн 1306 сурагч оролцож, нэг, хоёрдугаар улиралд нийгмийн ухаан болон түүхийн чиглэлээр эзэмшсэн  мэдлэг,  ур чадварынхаа хүрээнд 80 минутын хугацаатай тест хийж гүйцэтгэж байна.  

Энэхүү олимпиадыг ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ухааны 20 гаруй багш авч байгаа бөгөөд сурагчдын шалгалтыг цахимаар давхар хянаж байна. Мөн багш нар цахим технологи буюу omr evaluab or” гар утасны программ ашиглан материалыг засаж, нэгдсэн дүнг гаргана. 

Аймгийн боловсролын салбар байгууллагууд хүүхэд нэг бүрийн бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын суурь хичээлүүдийн  хүрээнд олимпиад, уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.  Энэ уламжлалын дагуу ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь аравдугаар ангийн сурагчдын дунд "Нийгмийн ухааны анги нийтийн олимпиад"-ыг хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

 

Связанные новости