Япон улсын дэмжлэгээр хоёр сумын сургуулийн дотуур байрыг өргөтгөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор
/МОНЦАМЭ/. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Ээлчин сайд
М.Такаока энэ сарын 13, 14-ний өдөр Баянхонгор аймагт албан айлчлал
хийлээ.
Тэрээр
айлчлалын эхний өдөр дэлхийд хосгүйд тооцогдох Шаргалжуут рашаантай танилцсан
бол өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, харилцаа холбоогоо илүү сайжруулах
тал дээр санал солилцож, Баянхонгор аймгийн ирээдүй болсон хүүхэд багачуудын
эрүүл аюулгүй орчинд сурч, амьдрах эрхийг нь хангах томоохон хоёр ажлыг дэмжиж
санхүүжүүлэхээр болсон юм.
Элчин сайд Масато Такаокагийн айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Баянговь сумын уугуул
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан
С.Хүрэлбаатар зэрэг албаны хүндтэй төлөөллүүд багтжээ.
Япон улсын “Өвсний үндэс–Хүний
аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд 14 сургууль,
3 эрүүл мэндийн төв, 1 сумын цахилгаан эх үүсвэрийг засварлан шинэчилж, "Соого
Сейко Гакко" ЕБС-ийг Баянхонгорт байгуулж өгсөн.
Энэ удаад ч Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлыг баталж, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Элчин сайд Масато Такаока нар гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөл хийх төсөл болон Баянцагаан сумын ЕБС-ийн дотуур байрны засварын төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Дээрх буцалтгүй тусламжийн хоёр төслийн нийт дүн 500 сая гаруй төгрөгийн төсөвтэй ба Япон улсын талаас зардлын тал хувийг санхүүжүүлэх бол үлдсэн хувийг орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр гүйцэтгэх аж.
Тус хоёр төсөл нь “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй 12 болон 13 дахь төсөл нь болж байгаа юм.