Ц.Баттөмөр, Д.Мөнхжаргал нар “Гэрлэх ёслолын өргөө”-ний анхны хуримлагч хос болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-15 11:52:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-ын хоёр давхрыг засварлан тохижуулж “Гэрлэх ёслолын өргөө” болгосон. Тус өргөө өнөөдөр нээлтээ хийж Ц.Баттөмөр, Д.Мөнхжаргал нар анхны хуримлагч хос болж гал голомтоо бадраалаа.

“Гэрлэх ёслолын өргөө”-ний нээлт, анхны хуримлагч хосын ёслолд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга орон нутгийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Дархан хотын улсын Бүртгэлийн хэлтэст жилд 500 гаруй залуу хос гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн баталгаагаа гардан авдаг байна. Эдгээр хосын ихэнх нь Улаанбаатар хотын гэрлэх ёслолын ордонд хуримын ёслолоо хийдэг аж. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дархан хотдоо хуримын ёслолоо хийж гал голомтоо бадраах боломжтой боллоо.
Тус өргөөг бий болгох үндэс нь иргэдээс ирсэн аж. Тус саналыг үндэслэн зураг төсвийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гарган УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт танилцуулсанаар улсын төсвөөс 40 орчим сая төгрөгийг шийдвэрлүүлсэн байна. Харин дотоод тохижилт, өргөөнд шаардлагатай техник хэрэгсэл, хивс зэрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэж өнөөдөр анхны хосынхоо гал голомтыг бадраалаа.

Гэрлэх ёслолын өргөөтэй болсоноор мянга мянган залуу хосууд төрөлх хотдоо гал голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж байна гэж нээлтэд оролцсон үлгэр жишээ гэр бүлүүдийн төлөөлөл илэрхийлж байна.

“Гэрлэх ёслолын өргөө”-ний нээлтэд Орхон, Шарын гол, Хонгор сумаас залуу гэр бүлийн төлөөлөл оролцсон төдийгүй Шарын гол сумын төлөөлөл казах үндэснийхээ хувцсаар гоёсон хосууд зочдын анхаарлыг татаж байлаа.

Тус өргөөний анхны хуримлагч хосын нөхөр Ц.Баттөмөр Залуучууд театрын менежер ажилтай бол гэргий  Д.Мөнхжаргал нь зохиолч, яруу найрагч, цэцэрлэгийн багш мэргэжилтэй үлгэр жишээ залуусын төлөөлөл юм.

Гэрлэх ёслолын өргөөний нээлтэд зориулан дээрх хосуудаас гадна дахин хоёр хос хуримаа хийсэн аж. Хосуудын хуримын ёслолын зардлыг аймгийн ЗДТГ, ГБХЗХГ-аас бүрэн хариуцжээ.

2019 оныг Гэр бүлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хийж буй ажлын нэг нь энэхүү “Гэрлэх ёслолын өргөө” аж. Тус өргөөнд хуримын зан үйл хийхэд 350.0 мянга орчим төгрөг төлөх юм. Энэ нь Улаанбаатар хотын хуримын ордны төлбөрөөс 3-4 дахин, бусад аймгаас 2 дахин бага төлбөр ажээ. 

Связанные новости