Даамчин М.Хишигбаяр Ази тивийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын анхдугаар тэмцээний эмэгтэйчүүдийн үндсэн төрөлд спортын мастер М.Хишигбаяр алтан медаль хүртлээ.
Энэхүү тэмцээн 2019 оны гуравдугаар сарын 12-17-нд Узбекстаны Ташкент хотноо болж манай улсаас дөрвөн тамирчин оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, М.Хишигбаяр алт, дэд мастер П.Энхсаруул мөнгө, эрэгтэйчүүдийн үндсэн төрөлд II зэргийн тамирчин Д.Баасанхүү VII байр, дэд мастер Д.Болдбаатар X байр тус тус эзэлжээ.
Харин рапид буюу түргэн тоглолтын төрөлд П.Энхсаруул мөнгө, М.Хишигбаяр хүрэл медаль хүртэж, Д.Баасанхүү VII байр, дэд мастер Д.Болдбаатар X байрт шалгарсан байна.
Одоо манай тамирчид энэ сарын 18-22-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Дэлхийн цомын цувралын нэг гараа болох "Ташкент Опен 2019" тэмцээнд үргэлжлүүлэн оролцож байна.