О.Үйтүмэн олимпийн эрхээ баталгаажуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКазахстаны Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүд 2 эрх авсан бол эрчүүдээс О.Үйтүмэн эрхээ дахин баталгаажуулав.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, харин хоёр дахь өдрийн барилдаанд 58 кг-д П.Орхон нар алт, мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхийг эх орондоо авчирлаа. Тус тэмцээний сүүлийн өдөр ОУХМ О.Үйтүмэн 2 дахь удаагаа олимпийн эрхээ авч чадлаа.
Эрэгтэй 86 кг-ын жинд 10 бөх барилдсанаас ОУХМ О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Гвануд Кимийг 11:0, хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Алигажи Гамидгажиевийг 10:0 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Сомбеертэй өрсөлдөж 10:0 оноогоор ялж олимпийн эрхийн болзлыг хангав. Улмаар алтан медалийн төлөө Казахстаны бөх Аслан Кахизетэй барилдаж 7:5 оноогоор ялж аварга боллоо. Тэрбээр өмнө нь 2012 онд Финландын Хельсинки хотноо болсон “Лондон-2012” олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнээс мөнгө медаль хүртсэн юм.
Энэ удаагийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан 4, Япон 3, БНСУ, БНХАУ, Киргиз, Монгол, Энэтхэг тус бүр 1, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан 4, Вьетнам, Монгол тус бүр 2, БНХАУ, Киргиз, Тайвань, Япон тус бүр 1 олимпийн эрх хүртлээ.
Дараагийн олимпийн сонгон шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо ирэх сарын 22-24-нд болно.
Д.Өлзий