Эрчүүдэд зориулсан өдөрлөг Арвайхээрт анх удаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ГБХЗХГ, Арвайхээр сумын НАМЭХ-оос “Хариуцлага-хүндлэл-дуурайлал” сэдэвт эрчүүдийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Арвайхээр хотноо ажиллаж, амьдарч буй нас насны, салбар бүрийн төлөөлөл болсон эрчүүд оролцож, монгол эр хүний эрхэмлэх зүйлс, эр хүнд оногдсон үүрэг хариуцлага, үлгэр дуурайлал, гэр бүлийн харилцааны талаар “номын дуу” сонслоо. Мөн эрчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, хэв журмын тухайд Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХХҮГ, ГБХЗХГ-аас мэдээлэл өгч, сургалт явуулав.
Энэ үеэр Эрүүл мэндийн газраас "Эрүүл мэндийн өртөөг" ажиллуулж, биеийн жингийн индексийг тодорхойлон хувь хүнд тохирсон дасгал хөдөлгөөний зөвлөгөө өгөх, В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг 160 гаруй эрчүүдэд зориулж хийсэн юм. Эдгээр ажилд эрчүүд талархлаа илэрхийлж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулвал илүү сайн үр дүн гарна хэмээж байв.