Усайн Болт "Рио-2016" наадмын дараа зодог тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-22 10:58:15

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Энэ жил Бразилын Рио-Де-Жанейро хотод болох олимпын наадамд оролцсоныхоо дараа зодог тайлна гэж Усайн Болт мэдэгдэв.

Дасгалжуулагч Глен Миллсийнхээ зөвлөгөөгөөр олимпын зургаан алтан медальтай тэрбээр 2020 оны Токиогийн олимп хүртэл өрсөлдөх боломжтой гэсэн мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сард гарч байсан билээ. Гэвч тэрбээр, Рио-Де-Жанейро хотод амжилттай оролцох нь надад карьераа үргэлжлүүлэх хангалттай шалтгаан биш гэж мэдэгджээ.

“Энэ миний хамгийн сүүлчийн олимп байх болно. Урам зоригоо хадгалж, ялангуяа, би Риод хүссэн амжилтдаа хүрвэл дахиад дөрвөн жил явна гэдэг миний хувьд их хэцүү байх болно. Дахин дөрвөн жил хүлээхийн тулд урам зоригоо хадгалах хэрэгтэй. Энэ их хэцүү байх болно. Тиймээс Рио миний сүүлчийн олимп байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Усайн Болт нь 2012 оны Лондоны олимпын 100м, 200м, 4х400 метрийн гүйлтийн төрөлд оролцож, гурван алт аван дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпт үзүүлсэн амжилтаа давтсан билээ.

"Миний хамгийн том мөрөөдөл бол олимпын наадмаас дахин гурван алт авах. Энэ л миний хүссэн зүйл, зорилго, мөрөөдөл" юм гэж тэрбээр хэлжээ.

Усайн Болт 200 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг /19.19 сек/ эзэмшдэг хэдий ч энэ нь түүнд хангалтгүй байгаа бололтой.

Тэрбээр, "би зөвхөн том зүйл хийнэ гэж хэлсэн. Би 200 метрийг 19 секундээс бага хугацаанд туулахаар оролдоно. Энэ миний зорилгуудын нэг, хүсэн хүлээж буй зүйл юм" гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости