“Хаадын тоглоом”-ын эмэгтэй дүрүүд хэр их үг хэлдэг вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН. /AP/. Дэлхий даяар олон сая үзэгчтэй “Хаадын тоглоом” цувралын
эмэгтэй дүрүүд эрэгтэй дүрүүдээс гурав дахин бага үг хэлдэг болохыг нэгэн шинэ
судалгааны дүн харуулжээ.
"HBO" сувгийн хамгийн алдартай цуврал кинонуудын нэг “Хаадын тоглоом”-ын найман цуврал энэ
долоо хоногт дууссан хэдий ч эмэгтэйчүүдийг хэрхэн дүрслэн үзүүлсэн талаарх хэлэлцүүлэг
үргэлжилсээр байна.
Шведийн “Ceretai” судалгааны байгууллагаас саяхан гаргасан судалгаанд дурдсанаар, цувралын бүх анги дахь жүжигчдийн ярьж буй хэсгийн 75 хувийг эрэгтэй дүрүүд гүйцэтгэсэн байжээ.
“Хаадын тоглоом”-ыг үзүүлэхгүйн тулд бид энэхүү судалгааг хийгээгүй боловч
хүйсийн тэгш бус байдлынх нь талаар бусдад мэдэгдэхийг хүссэн” гэж “Ceretai” байгууллагын
үүсгэн байгуулагч Лиза Хемберг хэлсэн байна.
Судалгааг дуу хоолойг таньдаг автомат систем ашиглан явуулсан бөгөөд энэ нь
бусад системүүдийн нэгэн адил зарим тохиолдолд буруу шийдвэр гаргасан байж
болзошгүй хэдий ч тус алгоритмын үнэн зөв тогтоох чадварыг 85 хувь хэмээн үзэж
байгаа ажээ.
Эмэгтэй дүрүүд хамгийн их үг хэлсэн анги нь дөрөвдүгээр бүлгийн тавдугаар
анги байсан бөгөөд “First of His Name” нэртэй уг ангид Серсей Ланнистер болон Дейенерис
Таргариен тэргүүтэй эмэгтэй дүрүүд эрэгтэй жүжигчидтэй бараг тэнцүү хэмжээний
үг хэлсэн байна.
Харин эмэгтэй дүрүүд хамгийн бага үг хэлсэн анги нь нэгдүгээр бүлгийн
долдугаар анги болох “You Win or You Die” байсан ба энэ ангид тэд кинонд гарч буй нийт
үгийн дөнгөж зургааны нэгийг хэлжээ.
/Эрэгтэй дүрүүдийн хамгийн их хэлсэн үг/
Эрэгтэй дүрүүдийн хэлдэг түгээмэл үгсэд эрчүүд, эрэгтэй хүн, хаан, лорд зэрэг
эр хүйс давамгайлсан үгс багтаж байсан бол эмэгтэй дүрүүдийн хувьд хайр, яв,
гуйя, нөхөр гэх мэт үгсийг хамгийн их хэлсэн байна.
Цувралын турш хамгийн их үг хэлсэн дүр Тирион Ланнистер байсан бол түүний дараа Жон Сноу, Серсей Ланнистер нар жагсжээ. Түүнчлэн энэхүү жагсаалтын эхэнд бичигдсэн 15 хүний 9 нь эрэгтэй байжээ. Үүнээс гадна цувралын нэгдүгээр цувралд амиа алдсан Нед Старк зургадугаар цувралд амь үрэгдсэн Маржери Тайрелл болон наймдугаар цувралд нас барсан Мелисандре нараас их үг хэлсэн байжээ.
Ташрамд дурдахад, “Хаадын тоглоом” цуврал нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг харуулдаг гэх шүүмжлэлд удаа дараа өртөж байсан билээ.
/Эмэгтэй дүрүүдийн хамгийн их хэлсэн үг/