Их мастер Г.Ганжаргал түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-08 11:26:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дулааны цахилгаан станц IV төрийн өмчит хувьцаат компанийн нэрэмжит “Эрчим Кап 2019” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн өнгөрсөн бямба гарагт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд болов.


Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээний түргэн тоглолтын төрөлд нийт 83 тамирчин оролцсон юм. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИХ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) 16 оноогоор аваргалж, Дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд (“Энэрэл” клуб), спортын мастер Д.Эрдэмбилэг (“Эрчим” клуб) нар тус бүр 14 оноогоор удааллаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд СМ Е.Ариунзаяа (“Дебют” клуб), ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), ахмадын ангилалд ДМ Г.Алтангэрэл (ЧД), Б.Баатарсүрэн (СХД), өсвөрийн U-17 ангилалд СМ А.Дашчирэв (“Сонгодог байрлал” клуб), У.Номин-Эрдэнэ (“Ирээдүй” клуб), U-12 ангилалд ДМ Б.Баасанбар (“Сонгодог байрлал” клуб), СМ Э.Энххүслэн (БЗД) нар шагналын эзэд болжээ.


Монголын даамын холбооны Дээд лигийн хүрээнд зохиодог “Эрчим Кап”-д 2016, 2018 онд Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг түрүүлж байжээ.

Энэ жилийн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр эрчим хүчний салбарт олон жил ажилласан спортын дэд мастер Б.Алагааг Биеийн тамир, спортын газрын “Спортын алдар” одонгоор шагнасан байна.

Связанные новости