Монголын туухай өргөлтийн тамирчид ДАШТ-ээс 12 медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хятадын Хайнинг хотод 2025 оны туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай тамирчид зургаан алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
22 орны 800 гаруй тамирчин өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцохдоо 12 медальтай маргааш эх орондоо ирэх гэж байна. Тодруулбал, 68 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Буджав гурван алтан медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр огцом, түлхэлттэй өргөлт болон нийлбэр дүнгээр алт авсан гэсэн үг. Ингэснээр түүний хувьд дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа зүүж байгаа нь энэ.
ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн сургуулийн V дамжаанд суралцдаг тэрбээр энэхүү тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болжээ.
Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Б.Ундрах хоёр алт, М.Мөнгөнсаран алт, мөнгө, эрэгтэйчүүдийн 68 кг-д С.Мөнх-Эрдэнэ мөнгө, хүрэл, 78 кг-д Ц.Жавхлантөгс мөнгө, 73 кг-д Г.Эрдэнэгэрэл мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирж байна.


Связанные новости
Ulaanbaatar