Монгол Улсын начин нэгээр нэмэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Эрдэнэхүү өнөөдөр Улсын начин болж, начны цол тэмдгээ гардан авлаа.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, давааг хүчингүй болгосон тул аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгчид уламжлаад байсан юм.
Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайлбал, Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацабишир, Улсын начин Ц.Бямба-Очир нарын тав давсныг хүчингүйд тооцсон юм.
Өнгөрсөн жил Б.Эрдэнэхүү тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан ч энэ жилийн наадмын өмнө ийнхүү Монгол Улсын начин болж, улсын цолтны тоог нэгээр нэмлээ.