Казахстаны Астанад болох дэлхийн цомд найман боксчин оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг дэлхийн цомын цуврал тэмцээн энэ сарын 29-нд эхэлнэ.
Тус тэмцээнд 30 гаруй орны 320 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин тулалдахаар Казахстаныг өнөөдөр зорилоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Биндэръяа, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун, эрэгтэйчүүдийн 55 кг-д Э.Төгсбилэг, 60 кг-д Г.Лундаа, 65 кг-д Э.Бат-Өлзий, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ нар Астанагийн рингэнд гарах аж. Долоодугаар сарын 5-нд өндөрлөх тус тэмцээн 2028 оны Лос-Анжелесийн олимпын чансааны оноо олгохоороо онцлогтой. Манай боксчид өнгөрсөн нэг сарын хугацаанд Европ тивд зохион байгуулсан гурван цуврал тэмцээнд оролцохдоо таван алт бүхий 16 медальтай эх орондоо ирсэн юм.
Ташрамд
сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Узбекистаны Ерөнхийлөгч
Шавкат Мирзиёевийн манай улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд орны орны
өсвөрийн боксчид Спортын төв ордны боксын зааланд хамтарсан бэлтгэл хийж байгаа
билээ. Энэхүү бэлтгэл долоодугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Узбекистаны
боксчид долоодугаар сарын 1-нд эхлэх Ардын багш, гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны
нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд оролцох аж.