Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал түр хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-23 12:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 14.00 цаг хүртэл түр хойшлов.


Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял аваад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарыг өнгөрсөн сард саатуулсан бөгөөд өнөөдөр анхан шатны шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм.


Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар, гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон юм. Энэ үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамт шүүхээс ял авсан Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хурлыг түр хойшлуулсан юм.


Б.Хурц нарыг Эрүүгийн хуулийн доорх заалтыг зөрчсөн хэмээн үзэж буй юм.

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Связанные новости