Вьетнамд “Зика” вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭХАНОЙ. /VNA/. Вьетнамд “Зика” вирусийн халдвар авсан анхны тохиолдол илэрчээ. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн яамны дэд сайд Нгуен Тхань Лонг Ханой хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, хоёр эмэгтэй “Зика” вирусийн халдвар авсан нь албан ёсоор тогтоогджээ. Вьетнамын нутгийн төв хэсэгт орших Нячанга хотын 64 настай оршин суугч эмэгтэйд гуравдугаар сарын 26-нд өвчний ерөнхий шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-нд ижил төстэй шинж тэмдэг Хошимин хотын 33 настай оршин суугчид илэрчээ. Халдвар авсан эмэгтэйчүүдийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа гэж Вьетнамын Эрүүл мэндийн яамны дэд сайд мэдээллээ.
"Зика" вирусийн халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, нүдний салст бүрхэвч үрэвсэх, толгой, үе мөч өвдөх, зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Одоогийн байдлаар, вирусийн халдвар Ази, Африк, Өмнөд болон Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн орнуудад бүртгэгдээд байгаа юм. Энэ төрлийн халдвар авсан тохиолдол өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан бол өдгөө баруун тал бөмбөрцгийн 20 оронд тархаад байна.
Д.Жаргал