“Alibaba” хиймэл оюун ухаант нүдний шил худалдаанд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-11-28 16:59:02

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /Reuters/. Хятадын технологийн “Alibaba” компани хиймэл оюун ухаан бүхий “Quark” нэртэй нүдний шилээ Хятадад пүрэв гарагт худалдаанд гаргажээ. Ингэснээр “Meta”-гийн ноёрхоод буй хиймэл оюун ухаан бүхий өмсөж зүүдэг хэрэгслийн зах зээлд тус компани хөл тавьж байна. 


“Alibaba”-гийн “Qwen” хиймэл оюун ухааны загвар болон аппликейшн дээр суурилсан нүдний шилний үнэ 1899 юаниас /268.25 ам.доллар/ эхэлнэ. “Quark” нүдний шил нь хар хуванцар хүрээтэй, энгийн нүдний шил шиг харагддаг гэдгээрээ “Meta” зэрэг компаниудын үйлдвэрлэсэн ижил бүтээгдэхүүнүүдээс ялгаатай байна.


“Alibaba” компанийн мэдээлснээр, нүдний шил нь “Alipay” төлбөрийн аппликейшн болон “Taobao” худалдааны платформ зэрэг аппликейшнуудтай сайтар холбогдсон бөгөөд хэрэглэгчид шилээ ашиглан орчуулга хийх, ижил үнэтэй бүтээгдэхүүнүүдийг харьцуулах зэрэгт ашиглах боломжтой ажээ.


Хятадын компани өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад хожуу боловч эрчимтэйгээр хиймэл оюун ухааны зах зээлд нэвтэрч байна. Тухайлбал, энэ сарын эхээр хиймэл оюун ухааны чатботдоо томоохон шинэчлэл хийсэн юм. 


Хиймэл оюун ухаан бүхий зугаа цэнгэл, тооцооллын төхөөрөмжүүдийг шинээр зохион бүтээх нь технологийн томоохон компаниудын өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна. “Instagram” платформын эзэмшигч “Meta” нь VR төхөөрөмжийн салбарт зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг юм.


Түүнчлэн “Apple” компанийн хувьд “Vision Pro” хэмээх төхөөрөмжөө худалдан борлуулж байгаа бол “Samsung Electronics” компани 10 дугаар сард “Alphabet”-ийн “Google”-ийн хиймэл оюун ухааны функцуудыг ашигладаг “Galaxy XR” төхөөрөмжөө худалдаанд гаргасан билээ.


Хятадын бусад технологийн компаниуд мөн ижил төстэй, хиймэл оюун ухаанаар ажилладаг нүдний шилийг худалдаанд гаргажээ. Тухайлбал, “Xiaomi” компани зургаадугаар сард өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан бол “Baidu” компани хэдийн ижил төстэй бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн байна. 



Связанные новости