Банк дээрэмдэх хэрэг нийслэлд гарсаар  байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-05 15:27:09

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар 112 дээрмийн гэмт хэрэг гарч, энэ хэргээс иргэдийг сэргийлэхийг УБХЦГ-аас анхааруулсаар байсан.  Сүүлийн үед хялбар аргаар мөнгө олох, галт зэвсэг ашиглан их мөнгө дээрэмдэх шунахайн сэдлээр банк дээрэмдэх хэрэг нийслэлд гарсаар  байна.

Баянзүрх дүүргийн долоодугаар хороо 97 дугаар сургуулийн хажуугийн “Төрийн банк”-д “Тоз-8” маркийн буу барин нэвтэрч, ажилчдыг нь сүрдүүлж хоёр сая төгрөгийг дээрэмдсэн этгээд  өрөө дарахаар дээрмийн хэрэг үйлджээ. Цагдаагийнхан банк дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлэн саатуулаад байна. Харин Хан-Уул дүүрэгт байрлах “Капитал банк”-ийг дээрэмдэн 14 сая төгрөгийг авч зугтсан этгээдийг одоо олохгүй эрэн сурвалжилсаар байгаа. 

Мөн 2015 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо буюу  “Таван  шар"-ын “ВSB”-ийн байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт  энгэртээ “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй, цайвар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, гар буутай, мөн “GAP” гэсэн бичигтэй юүдэнтэй хар саарал цамц, хар маск зүүсэн, шар канттай улаан өмд, ажлын цагаан бээлийтэй, хар үүргэвч үүрсэн, хоёр амтай тайрсан буутай 170-175см өндөр, туранхай биетэй үл таних хоёр  залуу нэг удаа хий буудан сейфнээс 423 сая төгрөг дээрэмдсэн юм. Гэмтнүүдийг баривчилж, саатуулан шалгахад бас л өрөнд баригдсан ах дүү хоёр байсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт  юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо “Наранцэн” ломбардыг өнгөрсөн сарын 5 ны өдөр масктай хоёр эрэгтэй хүн дайран орж тус ломбардыг ажилуулдаг иргэн Н-г буугаар хий буудаж айлган сүрдүүлж 800.000 төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг  иргэн А, А  нар бүлэглэн үйлджээ. Ийм гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа талаар өнөөдөр УБХЦГ-т хийсэн мэдээллээр олон нийтэд анхааруулга-сэрэмжлүүлэг өглөө.

Ж.Батсайхан

Связанные новости