Монголын шигшээ баг Мьянмарын багтай ирэх сард тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны "F" хэсгийн эхний тоглолтоо есдүгээр сарын 05-нд 17 цагаас МХБХ-ны цэнгэлдэхэд Мьянмар улсын шигшээ багтай хийнэ.
2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тулаанд Мьянмартай таарч нийлбэр дүнгээр 1:2-оор ялагдсан “Талын хөх чононууд” нутагтаа болох эхний тоглолтод заавал хожиж, өмнөх ялагдлынхаа хариуг авахыг зорьж байна.
Монголын шигшээ багийн эхний өрсөлдөгч Мьянмарын багийн
талаар хөлбөмбөг сонирхогчдод МХБХ-ноос товч танилцуулж байна.
Нэгэн цагт ногоон талбайд хөл зөрүүлж явсан Мьянмарын шигшээ өдгөө дэлхийн чансаанд 135-д буй манайхаас даруй 52 байрын өмнө бичигдэж байгаа юм. Монголын шигшээ баг 2011 онд дэлхийн чансааны 168-д бичигдсэн нь хамгийн өндөр амжилт бол мөн онд мьянмарчууд 172-т эрэмбэлэгдсэн нь шигшээ багийнх нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт аж. Мьянмарын шигшээ нь Зүүн Өмнөд Азийн /ASEAN/ “Сузуки цом”, “Зүүн Өмнөд Азийн наадам” гэсэн бүс нутгийнхаа хоёр тэмцээнд муугүй амжилттай оролцдог. Тэдний өрсөлдөгч дунд Тайланд, Вьетнам, Малайз, Индонез зэрэг хүчирхэг багууд бий.
Монтенегро улсын мэргэжилтэн Миодрог Радулович 2019 оноос
Мьянмарын шигшээ багийг удирдаж байгаа. Мьянмарын баг 2019 онд гурван нөхөрсөг
тоглолт хийхдээ Тайваньтай гоолгүй тэнцэн, Индонезид 0:2-ээр хожигдож, Сингапурыг
2:1-ээр буулган авчээ. Шигшээ багийнх нь ахлагчийн үүргийг 29 настай хаалгач
Кяав Зин Хет гүйцэтгэдэг. Кяав Зин Хет нь Мьянмарын үндэсний лигийн “Yangon
United” клубт тоглодог бөгөөд тус клубээс нийт зургаан тоглогч шигшээ багтаа
дуудагджээ.