Дуучин Г.Ганхүүг “Монголын хөлбөмбөгийн элч”-ээр өргөмжлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-28 13:05:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн эх орондоо болон хилийн чанадад сурталчлах эрхэм үүрэг хүлээсэн “Монголын хөлбөмбөгийн элч”-ээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүүг тодруулжээ. Энэхүү хүндтэй өргөмжлөлийг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өнөөдөр түүнд гардуулсан байна.

Г.Ганхүү “Өнөөдөр миний амьдралд нэгэн мартагдашгүй өдөр тохиож байна. Хөлбөмбөгийн элч байна гэдэг маш том үүрэг хариуцлага. Үзэгч хөгжөөн дэмжигч гэдэг багийнхаа 12 дахь тоглогч байдаг. ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг хийх үндэсний шигшээ багт маань үнэнч хөгжөөн дэмжигч та бүхний дуу хоолой юу юунаас чухал. Эзэн, зочин тоглолтоор юм шийдэгдэж буй тохиолдол эзэн баг ямагт давуу талтай байдаг гэсэн үзүүлэлт бий. Талбай дээрээ тоглож буй тоглогч эсрэг багийн талбайд тоглож буй тамирчнаас хоёр дахин хурдан гүйж, илүү хүчирхэг болдог. Тиймээс та бүхэн эх нутагтаа болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудыг алгасалгүй үзээрэй” хэмээн Монголын шигшээ багийг дэмжигч үзэгчдийг уриалсан юм.


Связанные новости