Дэлхийн аварга М.Хишигбаярыг “Алтан нар” одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-06 15:58:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 буудалт даамын ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон спортын мастер Мижгээгийн Хишигбаяр Монголын үндэсний паралимпын хороо/МҮПХ/-ны дээд “Алтан нар” одонгоор шагналаа.


Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон тус тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр уг тэмцээний рапид төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртжээ. Тэрбээр, энэ онд Узбекистанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцсон байна.


М.Хишигбаяр даамын спортоор 40 гаруй жил хичээллэж байгаа бөгөөд “Замчин”, “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин байжээ. Тэрбээр хөгжлийн бэрхшээлгүй байхдаа насанд хүрэгчдийн Монгол Улсын 3 удаагийн аварга бөгөөд УАШТ-ий нэг мөнгө, 2 хүрэл медальтай спортын мастер юм. Мөн 2005 онд Итали улсад болсон ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болж байсан Монголын шилдэг даамчдын нэг юм.


Харин энэ удаагийн ХБИ-ийн ДАШТ-д оролцоход дэмжиж тусалсан "Хас Мегаватт" ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, “Номин холдинг” компанийн зөвлөх, Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, ХНХЯ-ны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нарт М.Хишигбаяр чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Связанные новости