М.Анхцэцэг лхагва гарагт ДАШТ-ий дэвжээнд хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-23 12:36:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Паттаяа хотноо хүндийг өргөлтийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай тамирчдаас хуваарийн дагуу Э.Билэгсайхан маргааш /IX.24/, дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг лхагва гарагт /IX.25/ хүчээ сорино.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин оролцож байгаа бөгөөд манай туйванчдаас гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Ч.Нямзул, эрэгтэй 67 кг-д Э.Мөнхдөл, 64 кг-д Оюутны ДАШТ-ий мөнгө, өсвөрийн Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Г.Анужин нар тэмцээнээ дуусгажээ.

Эмэгтэйчүүдийн 64 кг-д 42 тамирчин өрсөлдсөнөөс "Рио"-гийн олимпын аварга, ДАШТ-ий дөрвөн удаагийн алтан медальт, Хятадын Дэн Вей нийлбэр 261 кг-ыг өргөж, дэлхийн аваргын тав дахь алтан медалиа хүртжээ. Энэ жинд Г.Анужин нийлбэр дүнгээр 190 кг-ыг өргөж 31 дүгээр байр эзэлжээ. Тэрбээр огцом өргөлтөөр 87 кг, түлхэлттэй өргөлтөөр 103 кг тус тус өргөсөн байна.

Связанные новости