"Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030"-ыг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-11 20:58:24

УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд гардуулав. 

УИХ-аас бүрэн эрхийн хугацаанд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Тус хуульд нийцүүлэн  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцогч намууд дурын амлалт өгч, улс орны хувь заяаг шийддэг бус уг бодлогын баримт бичигтэй уялдуулан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг. Энэ хүрээнд алсын хараагаа тодорхойлж, улс орон хөгждөг. Гэхдээ чухам ямар хэмжээний хөгжлийг 2030 он гэхэд бий болгосон байхыг уг баримтад онцолж өгснөөрөө өмнөх уриа бүхий бодлого төлөвлөлтөөс онцлог юм. 

УИХ-ын дарга З.Энхболд ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ энэхүү үзэл баримтлал нь 2015 оны 09 дүгээр сард НҮБ-аас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын үзэл санаатай үндсэндээ нийцэж байгааг дурдаад уг баримт бичиг нь Монгол Улсын 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон, үндэсний хэмжээний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр Монгол Улс жигд, тогтвортой хөгжих, хүртээмжтэй өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргасан нь манай улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байгааг дурдаад манай улс өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигт тусгаж батлаад байгаа анхдагч улс орнуудын нэг болсон нь бусад орнуудад үлгэр дууриал үзүүлэх чухал шийдвэр юм. Үүгээрээ Монгол Улс дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч төдий бус бодит ажил хэрэг болгохын төлөө бодит үйл ажиллагааг явуулж байгаа ажил хэрэгч, санаачилгатай улс орон юм гэдгийг энэ үйл явдал илтгэн харуулж байна гэв.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман үг хэлж, Монгол Улс нь НҮБ-аас өнгөрсөн онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэснийхээ онцлогт нийцүүлэн төрийн бодлогын баримт бичиг болгож баталсан дэлхийн анхдагч улс орнуудын нэг болсонд баяр хүргэлээ.

Өнгөрсөн 4 жилд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөн ойлголцож нэгдсэн нэг ойлголтод хүрч баталсан цөөн хууль тогтоомжийн нэг нь энэ юм. Нэг жишээ татахад, уг баримт бичгийн хүрээнд ирэх 15 жилийн хугацаанд манай орны нэг иргэнд ноогдох ДНБ-ийг 17500 ам.долларт хүргэнэ хэмээн тодорхойлоод байна.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости