Хятад улс 2050 он гэхэд хөлбөмбөгөөр тэргүүлэгч гүрнүүдийн эгнээнд багтана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-04-12 10:49:08

БЭЭЖИН. /VOA/. Ирэх 30 жилийн хугацаанд Хятадын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд дэлхийн хамгийн хүчирхэг багуудын эгнээнд орох ёстой гэсэн том зорилтыг Хятадын спортын салбарынхан тавьжээ. Энэ зорилт биелснээр Хятадын шигшээ баг 2030 он гэхэд Ази тивд шилдэгт тооцогдох юм.

Үүний тулд, 2020 он гэхэд тус улсад хөлбөмбөгийн спортоор хичээллэгсдийн тоог 50 саяд хүргэнэ, тэдний 30 сая нь дунд сургуулийн сурагчид байх болно гэж дээрх төлөвлөгөөнд тусгажээ.

Түүнчлэн ойрын 4 жилийн хугацаанд Хятадад 20 мянган хөлбөмбөгийн академи байгуулагдаж, дунд сургуулийн хүүхдүүдэд хөлбөмбөг хэрхэн тоглохыг зааж сургах ажээ.  

Энэ бүхний үр дүнд 2050 онд Хятадын шигшээ баг дэлхийн хамгийн хүчтэй багуудын чансаанд багтах юм. Одоогийн байдлаар, тус улсын шигшээ ФИФА-гийн чансааны 81-д бичигдэж байгаа билээ. 

Хятадын удирдагч Си Жинпин бол хөлбөмбөгийн маш идэвхтэй хөгжөөн дэмжигч бөгөөд тэрбээр өөрийн орны шигшээ багийг ирээдүйд өндөр амжилтад хүргэхийн тулд залуучуудын хөлбөмбөгийн боловсролыг дээшлүүлэх нь зүйтэй хэмээн удаа дараа уриалж байлаа.

Хятадын шигшээ баг 1958 онд ФИФА-гийн цомын тэмцээнд анх оролцож эхэлснээс хойш 2002 онд нэг удаа шигшээ тоглолтод оролцож байв. Тухайн үед энэ баг хэсгийн гурван тоглолтод оролцохдоо нэг ч гоол хийж чадалгүйгээр бүгдэд нь хожигдож байсан юм.  

Харин энэ удаад тус улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг дийлдэшгүй гэгдэж байсан Катарын шигшээг 2-0 харьцаагаар буулган авснаар 2018 оны ДАШТ-нд оролцох эрхтэй болсон билээ.  

Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг нь сүүлийн жилүүдэд нэлээд амжилт гаргаж, 1995 оны Дэлхийн цомын тэмцээнд 4 дүгээр байр, өнгөрсөн оныход 8 дугаар байр тус тус эзэлж байв. 

Д.Нямтулга

Связанные новости