Усны нөөцийн хохирлыг судалгаа шинжилгээгээр тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-10-08 18:11:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг бодит судалгаа, зориулалтын багаж хэрэгслээр хийсэн хэмжилт судалгаа, шинжилгээний үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтлах талаар өнөөдөр БОАЖЯ-нд болсон хэлэлцүүлгээр мэдээллээ. 

Хэлэлцүүлгийг  БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж, МХЕГ, ЦЕГ-ийн Мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сав газрын захиргаадын төлөөлөл, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэн, аж ахуйн нэгжүүд, байгаль орчин үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Хэлэлцүүлгээр манай орны уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүд нь усны нөөц тэр тусмаа гадаргын усны нөөц хязгаарлагдмал говь, тал хээрийн бүсэд хэрэгжихээр байгаа нь усны нөөцийг нэгдмэл байдлаар, олон улсын жишгийн дагуу зүй зохистой ашиглах зайлшгүй шаардлага гарч буйг хөндлөө.

Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилт судалгаа, шинжилгээний үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтална. Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ, түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардал, сэргээн босгох ажлын төсөвт өртгөөр тодорхойлж болно.

Монгол Улсын ус хэрэглээний дийлэнх буюу 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Энэхүү аргачлалаар газрын доорх усны нөөцөд учирч байгаа хохирлыг тодорхой зааг хязгаараар авч үзэх, хохирлыг үнэлэх аль ч тохиолдолд нөхөн төлбөр тооцох талаар хуульд тусгасныг мэдээллээ. Усны нөөцийг зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, зориудаар хуурайшуулсны улмаас үүсэх хохирлыг усны нөөц хомсдуулснаас үүсэх хохирол гэж үзэх талаар хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.


Дээрх аргачлалыг боловсруулж гаргаснаар усны нөөцийн зүй зохистой ашиглалтыг ханган ажиллахад БОАЖЯ мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, харьяалах нутаг дэвсгэртээ усны нөөцөд учирсан хохирлыг тооцон нөхөн төлүүлэх талаар хяналт тавих талаар санал нэгдлээ.

Связанные новости