Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх сэтгүүлчдийн оролцоог хөндөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар өнөөдөр Тогтвортой
хөгжил, түүний боловсролыг түгээх талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэлэлцүүлэг, сургалтын хэлбэрээр өрнөсөн уулзалтыг “Тогтвортой хөгжлийг дэмжих сэтгүүлчдийн холбоо”-ноос НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв, Тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг манай улсад хариуцан ажиллаж буй Үндэсний хөгжлийн газар оролцлоо.
Уулзалт сургалтад Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг “Нэг эх дэлхий“ сэдвээр өгүүлэхдээ, “Хэдхэн жилийн өмнө байгалийн гамшиг гэж хэлдэг байсан хүн төрөлхтөн өнөөдөр өөрийн хүчин зүйлээс шалтгаалсан хэт их хэрэглээ, хөгжлөөс үүдэлтэйгээр тэр үгийг хэрэглэхээ больсон”-ыг хэлж байв.
Учир нь өнөөдөр бид байгалийн баялгаа барах тийшээ хандаж, дэлхийн нөөцөө 60 хувиар хэтрүүлэн, урьдчилан хэрэглээд явж байгаа” жишээгээр хэлж байв. Тиймээс ганцхан эх дэлхийдээ цаашид тогтвортой амьдрахын тулд байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ эдийн засаг, нийгмийг тэгш зохистой хөгжүүлэхийн төлөө Тогтвортой хөгжлийг эрхэмлэн баримтлах болсныг тэмдэглэн хэлж байлаа. Үүнийгээ тэрээр Тогтвортой хөгжлийн 17 зорилт хүн бүрт хамаатай болсноор тодотгож байв.
Үндэсний хөгжлийн газрын
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн Монгол Улс дахь Тогтвортой
хөгжлийн зорилгын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Тэрээр, манай улс
Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлж эхэлж буй тайлангаа саяхан олон улсад тавьсныг
мэдээлээд, “Монгол Улс хэрэгжилтээ байгаагаар нь үнэн, зөв мэдээлсэн. Гэхдээ Тогтвортой
хөгжлийг хангах 244 үзүүлэлт, шаардлагын биелэлтийг эрхзүй, хэрэгжилтээр эргэн
харах хэрэгтэй байгаа”-г хэлж байв. Үүнд сэтгүүлчдийн оролцоог тэрээр, “Тогтвортой
хөгжлийн зорилтыг сэтгүүлчид сайн судалж, зөв ойлголтоор нь иргэдэд хүргэх нь
чухал байна” гэдгээр илэрхийлж байлаа.
Мэдээлэл, сургалтад
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра оролцож сэтгүүлчидтэй уулзсан
юм. Тэрээр, Тогтвортой хөгжлийн сэдэвт уулзалтанд сэтгүүлчид өргөнөөр хүрэлцэн
ирсэнд талархаад, “Тогтвортой хөгжлийг ханган хэрэгжүүлэх үйлсэд энэ эрчээр оролцож,
Тогтвортой хөгжлийг нийгэмд “өөрийн хэлээр” ойлгуулан хүргэж, иргэдэд очих хамгийн
эхний хүмүүс нь чухам сэтгүүлч та нар юм шүү” гэдгийг онцлон хэлж байв.
Уулзалт сургалтанд “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийн сургагч багш А.Амартүвшин хэлэхдээ, Тогтвортой хөгжлийн сэдвээр сурвалжлан бичихэд сэтгүүлчид Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг нягтлах нь чухал болохыг онцолж, Тогтвортой хөгжлийг шийдлийг (Solution Journalism) бүрэн гаргаж байх талаар ярьсан юм. Тэрээр, “Тогтвортой хөгжлийг зөвхөн байгаль орчны сэтгүүлчид бичих бус энэ бол эдийн засаг, хүний эрхийн гээд нийт сэтгүүлчдийн сурвалжлах сэдэв, үүрэг юм” гэдгийг онцолж байв.
Уулзалт сургалтын төгсгөлд “Тогтвортой хөгжлийг дэмжих сэтгүүлчдийн холбоо” байгуулагдаад байгаа талаар тус холбооны тэргүүн, сэтгүүлч Т.Бүдээхүү танилцуулсан юм. Тэрээр, Тогтвортой хөгжлийн сэдвийг түгээн дэлгэрүүлэхэд Монголын сэтгүүлчид өөрсдийн үүрэг, хариуцлагын үүднээс нэгдэж буйг дуулгаж анхны үйл ажиллагаагаа өнөөдрийн уулзалт сургалтаар эхлүүлж байгаагаа хэлэв. Өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, радио телевизийн сэтгүүлчид хамрагдсан өнөөдрийн сургалт уулзалтыг орон нутгийн сэтгүүлчдэд онлайнаар хүргэж байгаа аж.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ