Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн сургууль ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-13 10:10:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй 640 хүүхдийн суудалтай 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.


Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий гурван давхар барилга юм.


Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын мэдээлснээр, зохион байгуулалт нь спорт, урлагийн заал, хичээлийн анги танхим, багш нар, эмч, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн байна. Мөн гадна тохижилтын хувьд биеийн тамирын талбай, явган хүний зам, авто зогсоол болон бусад тохижилтыг төлөвлөн гүйцэтгэжээ.


Тухайн сургуулийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлж цар тахлын улмаас удааширсан байна. БШУ-ы сайдын тушаалаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид эрх шилжсэн. Нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, нээлттэй сонгон шалгаруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Эм ди констракшн компани шалгарч тус барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.






 

Связанные новости