“АСЕМ-ын Загвар чуулган 2016”-д оролцогчдын бүртгэл энэ сарын 17-нд дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд 9 дагалдах арга хэмжээ болно. Үүний нэг нь Улаанбаатар хотноо ирэх 7 дугаар сард болох “АСЕМ-ын Загвар чуулган 2016” юм. Монголын Залуучуудын холбоо тус чуулганыг зохион байгуулагчдын хувиар оролцогчдыг өнгөрсөн сарын 14-нөөс бүртгэж байна.
Тус чуулган нь дээд түвшний уулзалтынхаа өмнө зохиогддог том хэмжээний залуучуудын хуралдаан бөгөөд их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, оюутан залуусыг идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улстөрийн үлгэрчилсэн уулзалт юм.
Энэхүү үлгэрчилсэн хуралдаан хоёр үе шаттай. Эхнийх нь чуулган болохоос 1-2 сарын өмнө оюутнууд онлайнаар бүртгүүлэн хамтран ажиллах буюу багт хуваагдан судалгаа хийж, тодорхой жишээн дээр ажиллана. Дараа нь үндсэн хуралдаан болж, нүүр тулан ярилцах, асуудал дэвшүүлэх хэлбэрээр зохиогддог.
Чуулганд оролцогчдыг энэ сарын 17-ны өдрийг дуустал бүртгэх бөгөөд myf.mn сайтаар болон МЗХ-ны төв байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх иргэнд 18-30 насны Монгол Улсын иргэн байх, мөн оюутан байх, англи хэлний бичгийн болон ярианы чадвар өндөртэй байх гэх зэрэг хэд хэдэн шаардлагыг тавьж байгаа аж.
Б.Туул