Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус тогтоолын төслийг Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн өнгөрсөн сарын 29-нд өргөн мэдүүлсэн. Тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг тусгасан юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус бүс нутагт олгогдсон лицензийг нэр бүхий УИХ-ын гишүүн эзэмшдэг эсэх, лицензийн өнөөгийн нөхцөл байдал, уул уурхайн цооногт мал унаж үхсэн эсэх, үүнд нь хариуцлага ноогдуулдаг эсэх, мөн цооногийг бөглөж аюулгүй болгодог эсэхийг тодруулсан.Үүнд ажлын хэсгийн зүгээс, "Гурвантэс сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 42 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүний 21 нь ашиглалтын, үлдсэн нь хайгуулын зөвшөөрөл юм. 26 нь дотоодын аж ахуй нэгж, 12 нь гадаадын, 4 нь хамтарсан компани байгаа юм. Нийт тусгай зөвшөөрлийн 28 нь нүүрсний чиглэлийн хайгуул, ашиглалтын зөвшөөрөл эзэлж байна. Нэр бүхий компанийг шалгахад бүртгэлд УИХ-ын гишүүн эзэмшдэг гэх нь тогтогдоогүй байна.
Хайгуулын цооног гэж 18-20 см-ийн диаметртэй гүнзгий нүх үүсдэг. Энэ цооногоо цементлээд дээшээ хуванцар турба зоож тэмдэглэдэг. Өмнө нь төмөр турба байрлуулахад иргэд тас цохиж авснаас нүх нь эргэж гарч байсан удаа бий. Иймээс тэмдэглэгээний турбагаа хуванцар болгосон. Одоогийн байдлаар хайгуулын цооногт мал унаж үхсэн гэх мэдээлэл ирээгүй" гэв.
Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Гурвантэс сумын ИТХ-ын дарга, Засаг дарга гэсэн хоёр эмэгтэйд хариуцлага тооцох биш харин ч шагнах хэмжээнд асуудал ярих ёстой. Эдгээр дарга уг газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагыг хэд хэдэн удаа тавьж байсан. Одоогоор 18 удаагийн шүүх хурлаар Гурвантэс сумын нутаг дээрх лицензийг цуцлуулахаар хандсаны 5-6-д нь ялалт байгуулсан. Ер нь сумын ИТХ-ын дарга, Засаг дарга ийм олон удаагийн шүүх хурлаар асуудлаа шийдүүлэхээр явж байсан түүх байхгүй юм билээ. Тиймээс энэ хоёр даргын хүч хөдөлмөрийг цохон тэмдэглэж хэлж байгаа юм" гэсэн тайлбарыг энэ үеэр хийж байв.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ