Токиогийн Олимпын марафон гүйлтийн тэмцээнийг эрт зохион байгуулах санал гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион
байгуулах Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг өглөөний
5 цагт эхлүүлэх саналыг Токио хотын
захиргаа гаргахаар төлөвлөж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд
мэдээлжээ.
Олон улсын
олимпын хороо /ОУОХ/ эдгээр тэмцээнийг хойд нутгийн Хоккайдо
мужид зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулсантай холбогдуулан Токио хотын
захиргаа дээрх шийдвэрийг гаргажээ. Наймдугаар сарын эхээр нийслэл хотод
өглөөний 5 цагийн орчимд нар манддаг байна.
“Токио-2020”
Олимпын үеэр хэт халах төлөвтэй байгаагаас үүдэн сөрөг үр дагаврууд үүсэж
магадгүй хэмээн олон нийт ихээхэн санаа зовниж байна. Өнгөрсөн долоо хоногт
ОУОХ марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг Саппоро хотод зохион байгуулах
талаарх төлөвлөгөөг танилцуулсан юм.
Саяхан Катарын нийслэл
Доха хотод болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр дээр дурдсантай ижил
тэмцээнүүдийг шөнө дунд эхлүүлснийг үл харгалзан бүгчим халууны улмаас олон
тамирчин тэмцээнээс гарсантай холбогдуулан ОУОХ дээрх төлөвлөгөөг
боловсруулжээ.