Оросын эмэгтэй шатарчид гурав дахь удаагаа багийн ДАШТ-д түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-24 12:43:03

МАДРИД, 2025 оны арваннэгдүгээр сарын 24. /ТАСС/. Испанийн Линарес хотод болж буй шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Оросын эмэгтэй шатарчид Азербайжаны шигшээ багийг хожлоо.


Финалын хоёр тоглолтын эхнийхэд Оросын багийн Александра Горячкина, Полина Шувалова нар хожиж, Екатерина Лагно, Лея Гарифуллина нар хайнцсанаар нийлбэр дүнгээр 3:1-ээр хожсон байна. Хоёрдахь тоглолтод тэд 2,5:1,5 харьцаагаар давамгайлсан бөгөөд  Гарифуллина хожиж, Горячкина, Лагно, Шувалова нар хайнцлаа.


Ийнхүү Оросын эмэгтэй шатарчид гурав дахь удаагаа багийн ДАШТ-д түрүүлж байна. Өмнө нь тэд 2017 ба 2021 онуудад аваргалж байсан бөгөөд Лагно эдгээр тэмцээнд оролцсоноос гадна 2013 онд Украины шигшээгийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга болж байв. Горячкина тус тэмцээнд гурван удаа, Шувалова хоёр дахь удаагаа тус тус түрүүлсэн бол Анна Шухман, Лея Гарифуллина нар анх удаагаа аваргаллаа.


Багийн ДАШТ хоёр жил тутамд болдог бөгөөд 2021 онд Оросын эмэгтэй шатарчид аваргалсан бол Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ шийдвэрээр 2023 оны ДАШТ-д оролцоогүй юм. Энэ удаагийн тэмцээнд Оросын тамирчид бие даасан статустайгаар ФИДЕ-гийн далбаан дор оролцлоо.

Связанные новости