Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-03 17:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын олон улсын шинжээчдийн багийн гишүүн Фернандо Вертоа тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Байнгын хорооны дарга С.Бямбацогт УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг цохон тэмдэглээд, нэмэлт өөрчлөлтийн улс төрийн намтай холбоотой заалтуудыг товч танилцуулав.


Ноён Фернандо Вертоа Байнгын Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан санал зөвлөмж, олон улсын сайн туршлагыг нэгтгэсэн тайлангаас танилцуулаад, хуулийн төсөлд тусгасан улс төрийн намын бүртгэл, төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, иргэн, байгууллагаас үзүүлэх хандив туслалцаа, тэдгээрийн тайлагналт, хяналт, хариуцлагын механизмын талаар саналаа хэллээ.


Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга С.Бямбацогт тус байгууллагаас ирүүлсэн санал зөвлөмж, бусад улсын сайн жишиг туршлагыг хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах, намууд бодлогоо хэн нэгэн, хэсэг бүлгийн хүрээнд биш, нийт улсын хэмжээнд тодорхойлж, түүнийхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг байх, санхүүжилт, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод, ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх нөхцөлийг бүрдүүлсэн хуультай болохыг хичээж байгаагаа дурдлаа.

Связанные новости