Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-18 17:17:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 


Санхүүгийн хэрэглэгчийн судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 3527 иргэнд санамсаргүй түүврийн аргаар хийхэд, судалгаанд оролцогчдын 50 хувь нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл авч чаддаггүй гэсэн бол гурван хүн тутмын нэг нь санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн хүндрэлтэй тулгарч байсан гэсэн хариулт өгсөн байна. Тиймээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, хэрэглэгч энэ талын мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүй эзэмших, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар хэрэглэгчийн мэдлэг, боловсрол дээшилж, өөрт тохирсон  үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зөв сонгох, санхүүгийн хямралаас өөрийгөө хамгаалах чадвартай болно хэмээн үзэж буй юм.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, С.Чинзориг, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн хуулийн төсөл нь соён гэгээрүүлэх тунхагийн шинжтэй байгааг анхаарахыг сануулав. Мөн банкууд зээлийн хүү, торгуулиа түрүүлж авч, үндсэн зээлээс хасалт бага хийснээр иргэдийг санхүүгийн дарамтад оруулдгийг шийдвэрлэх шаардлагатайг онцолж байлаа.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжиж, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтлоо.

Связанные новости