"Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд 50 иргэн оролцуулах хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-10 16:19:12

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-аас “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 23-нд явуулна. 


Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 7-8-нд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай танилцсан аж.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэйн” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй очиж танилцаж, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонсов. Иргэдийн төлөөлөл уг сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


“Халзан бүрэгтэйн” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч хайгуулын ажлын бэлтгэл хангах хугацаанд хурцадмал байдалд үүссэн тул Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг нь зогсоожээ. Тус Ерөнхий сонсголд оролцох хүсэлт, сонсголтой холбоотой санал, тайлбар, мэдээллийг энэ сарын 18-ны өдрийг хүртэл хүлээн авах юм.


 

Связанные новости