“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд батламжаа гардаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан өнөөдөр батламжаа гардаж авлаа.
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардуулж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөв. Оюутнууд сургуулиа төгсөөд орон нутагт ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд болон эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Мөн оюутан залуусын мэдлэг, боловсролд хөрөнгө оруулж буй “Ниппон” сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийхдээ хүн төвтэй, энхтайвныг эрхэмлэсэн, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тохиролцсон. Энэ дагуу 2023 онд Японы “Ниппон” сангийн Удирдах зөвлөлийн дарга Юхэй Сасакава манай улсад ирж, төрийн тэргүүний санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллах болсон. Энэ хүрээнд талууд өнгөрсөн зургаадугаар сард “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм.
Тэтгэлэгт хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, иргэдийг эрүүл аюулгүй орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл чийрэг, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр орон нутагт ажиллах боловсон хүчин бэлтгэх зорилготой. Оюутан залуус МУИС /Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи/, АШУҮИС /Эмнэл зүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй/, ХААИС /Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал/, ШУТИС /Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл/-д суралцаад, орон нутагтаа гурван жил ажиллана.
“Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” 12 жил үргэлжлэх бөгөөд нийт 5 сая гаруй ам.доллар зарцуулах юм. Тэтгэлэгт хөтөлбөрт дээрх дөрвөн их сургуульд элсэн, заасан мэргэжлээр нэгдүгээр курсээ амжилттай төгссөн, орон нутагтаа ажиллах хүсэлтэй оюутнууд хамрагдах боломжтой.