Цахим худалдаа хийхэд хялбар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2016-04-20 12:18:59

Монголбанкнаас өнөөдөр “Банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулах” ёслолын ажиллагааны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монголбанк нь бэлэн бус төлбөрийн хэрэгслийг дэмжих, орчин үеийн шинэ технологи ашиглан интернэтэд суурилсан худалдааны төлбөр тооцоог банк хоорондын системд нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулахаар цахим худалдааны гүйлгээг тасралтгүй, найдвартай дамжуулах программ, технк хангамжийг боловсруулж, банкуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн гүйлгээг нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгожээ.

Банк хоорондын цахим үйлчилгээг нэвтрүүлснээр цахим худалдаа эрхлэгч нь бараа, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сувгаа өргөжүүлэх, үйл ажиллагааны зардлаа хэмнэх, зах зээлээ тэлэх зэрэг эерэг нөлөөтэй юм. Мөн иргэд ямар банкны харилцагч байхаасаа үл хамааран бараа, үйлчилгээний төлбөрөө интернэтээр шимтгэлгүй төлөх, иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, шуурхай хүрэх боломж нээгдэж байна хэмээн албаныхан тодотгов.

Банкуудын хувьд бэлэн бус төлбөр тооцооны системд төлбөрийн шинэ суваг нэмэгдсэнээр олон улсад хурдацтай хөгжиж байгаа цахим худалдааны төлбөр тооцоог иргэдэд найдвартай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна.

Цаашид Монголбанк нь дэлхийн шилдэг төлбөрийн системийн технлогиудыг нутагшуулахаар ажиллаж байгаа аж.

Нээлтийн ажиллагаанд Монголын банкны холбооны төлөөлөгч, “Картын нэгдсэн сүлжээ”-ний шууд оролцогч болох Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт, Капитал, Хас, ХААН банкны төлөөлөл оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости