АЕПТ-ийн уулзалтад 32 улсын төлөөлөгчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-20 13:34:48

Маргааш эхлэх Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад /АЕПТ/ 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч ирж оролцохоор бүртгүүлээд байна.

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж дууссан талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр мэдээллээ.

АСЕМ-ыг угтан зохион байгуулах хэд хэдэн хурлын салхийг хагалах анхны уулзалт АЕПТ-ийн 9 дүгээр уулзалт эхлэхэд нэг хоногийн хугацаа үлдээд байна. Тус уулзалт нийт гурван хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр буюу маргааш АЕПТ-ийн Төслийн /баримт бичгийн/ хорооны хурал Төрийн ордонд болох юм. Харин үндсэн арга хэмжээ буюу АЕПТ-ийн нээлт, Нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанууд энэ сарын 22 буюу баасан гарагт болно. Салбар хуралдаанууд эдийн засаг, улс төр, нийгэм-соёл гэсэн АСЕМ-ын үндсэн гурван тулгуур чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг хэлбэрээр явагдаж, санал дүгнэлтээ гарган Нэгдсэн хуралдаанд оруулах юм. Улмаар Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн "Тунхаглал" гаргадаг бөгөөд уг тунхаглалыг долдугаар сард болох АСЕМ-ын хурлын үеэр танилцуулах, баримт бичигт тусгах юм байна.

АЕПТ-ийн уулзалтад өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 152 төлөөлөгч бүртгүүлснээс парламентын дарга 3 /Энэтхэг (Доод танхим), Итали (Сенат), Тайланд/, дэд дарга 11 /Австрали, Итали (Төлөөлөгчдийн танхим), Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испани (2 танхимын 4 дэд дарга)/ оролцох юм байна. Мөн хоёр олон улсын байгууллага оролцохоор бүртгүүлжээ.

Зохион байгуулагч орон болох Монгол Улсын их хурлын дарга З.Энхболд АЕПТ-ийн уулзалтын Ерөнхийлөгчөөр ажиллах юм байна. 

АЕПТ нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Н.Гантуяа

Связанные новости