Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-06 18:34:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээллийг онлайнаар хүлээн авч, саналаа өгөх боломжтой боллоо. 

Монгол Улсын Засгийн газар, БХБЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ) хамтран дээрх нэгдсэн мэдээллийн системийг нэвтрүүлж буйг өнөөдөр БХБЯ-нд албан ёсоор нээлээ.

Мэдээллийн систем нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, оролцоонд түшиглэсэн болгож байгаагаараа онцлог юм. Цахим систем дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  • Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаарх мэдээлэл, зураг төслөөр иргэд, олон нийтэд үйлчлэх, тэдний саналыг авч оролцоог хангах,
  • Улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хот, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нийслэл сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон бусад салбарын орон зайн төлөвлөлтийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,
  • Мөн зам шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламж, үйлдвэр уурхай, ХАА-г хөгжүүлэх газрын байршил зэрэг мэдээллийг улсын хэмжээнд авна.


Түүнчлэн иргэд гэр бүлийн болон бизнесийн зорилгоор газар эзэмших, өмчлөх, ашиглах зэрэг санал хүсэлтээ бүх төрлийн интернэтэд холбогдох боломжтой төхөөрөмжөөр дамжуулан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан, кадастрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах боломж нээгдэх юм гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын дарга Ц.Ганхүү онцоллоо.

Тэрээр, "Цахим систем нэвтэрснээр газрыг төлөвлөлтгүй, эмх замбараагүй олгож, газрын зөрчил маргаан үүсгэн иргэдийн эрх ашгийг хохироох аливаа үйлдэлд цэг тавихаас гадна, салбар хоорондын уялдаагүй байдлаас үүдсэн давхардсан төлөвлөлт, үргүй зардлыг бууруулж, газарт оруулж буй хөрөнгө оруулалтыг эрсдэлгүй, илүү баталгаатай болгож байгаа юм" гэв.

Мөн газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системийг ашиглан ХАА, байгаль орчин, хот байгуулалт, үйлдвэр уурхай, зам, шугам сүлжээ, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын төрийн байгууллагууд хамтран орон зайн хувьд давхардалгүй, харилцан уялдаатай нэгдсэн төлөвлөгөө хийх бүрэн боломжтой.

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн төлөвлөгөөний цахим системд www.egazar.gov.mn хаягаар хандан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой юм. 


Связанные новости