Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-08 15:53:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулжээ.


Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.


Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байх аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хуулийн төсөл санаачлагчдад чиглэл өгсөн юм. Тодруулбал, тэтгэвэр барьцаалан зээл авсан 229 мянга иргэний 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа аж. Энэ нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир чөлөөлөх хэмжээг 6 сая байх талаар ярилцах шаардлагатай хэмээн тус байнгын хороо үзэж буй аж. Мөн тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэнд зориулсан арга хэмжээ бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадуудад зориулсан бодлогыг цогцоор нь ярилцан, саналаа нэгтгэн хэлэлцүүлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн юм. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээл цаашид олгохгүй байх бус 3-6 сараар богино хугацаагаар урьдчилан авч байж болох эсэх асуудлыг судлан танилцуулахыг чиглэл болголоо.


Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Связанные новости