С.Чинзориг: Танилцуулахаас өмнө ҮАБЗ-ийн зөвлөмж задрах боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсний дагуу Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулжээ.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тодруулбал, тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.
Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байх аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүд ҮАБЗ-ийн шийдвэр задарсан байх магадлалтай эсэхийг тодруулж байв. Иргэд 2019 оны 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан байна.
ХНХ-ын сайд С.Чинзориг хариултдаа, Арилжааны банкуудаас авсан мэдээллээр 112 мянган ахмад 3 хүртэлх сая төгрөг, 142 мянган ахмад 4 сая хүртэлх сая төгрөгийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмадуудын 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй. 22 мянган иргэн буюу 10 орчим хувь нь 6 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа байгааг танилцуулав. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмж нууцын зэрэглэлтэй учир албан ёсоор нийтэд зарлахаас өмнө иргэд мэдсэн байх боломжгүй гэв.
Ийнхүү санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд хүргүүлсэн юм. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж байна.