Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-08 19:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өнгөрсөн оны 10 дугаар сард мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд стратегийн дутагдалтай улсын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа мэдэгдэж, тогтолцоог сайжруулах хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн юм. Монгол Улс уг жагсаалтаас гарахгүй удвал эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлов. Уг төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс дээрх хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ. Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шүүхээр шударга шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, бодит үр дүн гаргах шаардлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалахгүй тул УИХ болон холбогдох талууд дэмжих хэрэгтэйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон 11 гишүүнээс 10 нь дэмжиж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.

Связанные новости