Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг сэргээн шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулав. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хууль батлагдсан өдөр хүртэлх хөөн хэлэлцэх хугацаа дууссан авлигын гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар зохицуулжээ. Ингэхдээ, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг буцаан хэрэглэхгүй байхаар боловсруулсныг Х.Нямбаатар гишүүн танилцуулсан юм.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хууль санаачлагчаас зарим тодруулга авлаа. Монгол Улс 1974 онд Иргэний болон улстөрийн эрхийн тухай фактад, 2005 онд Авлигын эсрэг конвенцод тус тус нэгдэж орсон байдаг. Тус гэрээ конвенцтой хуулийг нийцүүлж боловсруулсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариултдаа онцолсон. Энэ хүрээнд өөрийнхөө гэм бурууг шүүхээр шийдүүлэлгүй, мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болсон хэрэг, эсвэл шүүхээр гэм буруугаа тогтоолгосон этгээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон тохиолдол зэргийг ялгамжтай авч үзэх шаардлага бий гэдгийг тэрбээр нэмж тайлбарласан. Энэхүү төслийн хүрээнд процессын хэм хэмжээг өөрчлөх асуудлыг хөндөж буйг тайлбарлаж байв.
Ингээд хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих саналаар санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.